Монголын инженерүүд Эверэстэд авирч байна
Чихэнд чимэгтэй
2025-05-09
Хималайн нурууны ноён оргил Эверэстэд гарсан монгол уулчдын цуваа Олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нараар үргэлжилж байгааг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Тэд Эверэстийн өмнөд хөтлийн зам буюу Балба талаас авирах бөгөөд өнөөдөр үндсэн отгоос дээшээ өгсөх ажээ. Уулчин А.Баттогтох нь Иргэний нисэхийн үндэсний төвийн аэродром, гэрэл суултын албанд агаарын хөлөг хөөрч, буух зурвасыг хариуцан ажилладаг бол Б.Батхишиг нь барилгын зөвлөх инженер мэргэжилтэй гэнэ. А.Баттогтох өндөр уулын авиралтаар 10 жил хичээллэх хугацаандаа Монголд байдаг далайн түвшний 4000 метрээс дээш өндөртэй оргилуудад давтагдсан тоогоор 60 гаруй удаа, Европ тивийн ноён оргил Эльбрус, Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад гарсан туршлагатай. Мөн тэрбээр 2022 онд дэлхийн тав дахь өндөр оргил болох 8463 метр Макалу оргилд авирсан анхны монгол уулчин болж байв. Харин Б.Батхишиг нь хөхний хорт хавдраар оношлогдсон боловч 2024 оны зургаадугаар сард эмчилгээ хийлгэснээр энэ өвчнийг бүрэн ялан дийлжээ. Улмаар Хималайн нурууны 8163 метр дэх, дэлхийн найм дахь өндөр уул Манаслуд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.