images

АНУ: Нас барсан хүн шүүх хуралд мэдүүлэг өгөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-09


   Дөрвөн жилийн өмнө балмад этгээдэд буудуулж нас барсан хүн өнөөдөр хиймэл оюуны технологийн туслалцаатайгаар шүүх хуралд мэдүүлэг өгч, гэмт этгээдийг уучилсан талаар NBC телевиз мэдээлэв. Энэ нь нас барсан хүний дуу хоолой болон амьддаа хийж үлдээсэн видео бичлэгийг ашиглан хиймэл оюун ухааны бүтээсэн дүрс бичлэгээр шүүхэд мэдүүлэг өгсөн анхны тохиолдол хэмээн хэвлэлүүд онцолж байна. Тэр хүн бол 2021 онд Аризона мужийн Чандлер хотод улаан гэрэл ассан гарцан дээр зогсож байгаад ууртай, балмад этгээдэд буудуулж 37 насандаа амиа алдсан Кристофер Пелки юм. Бичлэгт тэрбээр 2021 оны амьд ахуй цагийн дүр төрхөөрөө өөрийгөө танилцуулж мэдүүлэг өгсөн байна. Улмаар өнөөг хүртэл өөрийг нь дурсан санасаар яваа найз нөхөд, хамаатан садандаа талархаж байгаагаа илэрхийлээд, өөрийнх нь амийг хөнөөсөн хүнд хандан үг хэлжээ. Хэлсэн үгэндээ "Тэр өдөр бидний хооронд тийм явдал болсон нь ичмээр хэрэг. Хэрэв бидэнд өөр хувь тавилан тохиосон бол бид найзууд байж ч болох байсан. Би уучлал, өршөөлийн бурхан тэнгэрт итгэдэг. Одоо ч итгэсээр байна" гэжээ. Эцэст нь тэрбээр бие биенээ хайрлаж, үнэнч амьдрахыг хүмүүст уриалаад "Одоо би загасанд явах ёстой. Жаахан яарч байна. Та нарт бүгдэд нь хайртай шүү. Дараа манай ертөнцөд уулзацгаая” гэсэн байна. Энэ бичлэгийг талийгаачийн эмэгтэй дүү Стейс Уэлс нөхрийнхөө хамт бүтээжээ. Тэрбээр ахыгаа ямар сайн хүн байсныг алуурчинд мэдүүлэхийн тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд бодож төлөвлөж, эцэст нь хиймэл оюуны технологи ашиглан энэ бичлэгийг бүтээсэн байна. Үүнийг бүтээхийн тулд ахынхаа бага сургуулийн багшаас авахуулаад ахлах сургуулийн найз нар, цаашлаад Ирак, Афганистанд хамт алба хааж байсан дайчин нөхөдтэй нь хүртэл уулзаж, нийтдээ 48 хүнээс дурсамж яриа авчээ. Шүүх хурлыг даргалагч Тодд Ланг "AI-ийн бичлэг үнэхээр гайхалтай байлаа. Талийгаач ямар сайхан хүн байсныг тод харууллаа. Маш их баярлалаа" гэжээ. Шүүхээс гэмт этгээдэд ялын дээд хэмжээ оноожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.