АНУ: Алькатрас шорон юугаараа зартай вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 60 орчим жилийн өмнө хаагдсан Алькатрас шоронг онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хорих зорилгоор дахин нээнэ гэдгээ мэдэгдсэн. Алькатрас бол Сан Франциско хотын боомтоос 2.4 км зайд орших чулуурхаг арал юм. Ойролцоогоор 89,000 м2 талбайтай энэ арал дээр Америкийн иргэний дайны үед цэргийн шорон байгуулан ашиглаж ирсэн бөгөөд 1934 оноос хойш 29 жилийн турш алдартай гэмт хэрэгтнүүдийг засан хүмүүжүүлэх байгууламж болгон ажиллуулжээ. Улмаар 1960-аад онд иргэний нийгмийн байгууллагууд хүнийг хатуу чанга шийтгэхээс илүү сургаж боловсруулах нь чухал болохыг онцлон уг шоронг ихээр шүүмжилж, мөн түүнээс гадна шоронгийн засвар үйлчилгээний зардал нэмэгдсэнээр 1963 онд шоронг хаасан байна. Одоо энэ газрыг Сан Францискогийн аялал жуулчлалын нэг бүс, Америкийн шоронгийн түүхийг харуулсан түүхэн үзмэр ашиглаж байна.
Байгуулагдсан цагаасаа Алькатрас нь хамгийн зартай гэмт хэрэгтнүүдийг хорьдог гэдгээрээ ихэд алдаршсан бөгөөд тухайлбал Чикаго хотын мафийн толгойлогч Аль Капоне, Холбооны мөрдөх товчооноос "Нийтийн №1 дайсан" хэмээн тодорхойлоод байсан Алвин Карпис, Нью-Йоркийг ерөнхийд нь захирч байсан мафийн толгойлогч Элсворт Жонсон, "Пулемёт" хочит Жорж Келли нарыг энд хорьж байжээ. Нөгөө талаар энэ шоронгоос зугтах ямар ч боломжгүй гэдгээрээ алдартай. 360 ширхэг ганцаарчилсан хорих өрөө, төмөр тор, дөрвөн хоригдол тутамд нэг харуул, арлыг тойрсон өргөст тор, босоо хадан цохио, далайн хүйтэн урсгал зэрэг нөхцөл хатуу чанга нөхцөлд эндээс оргож босох тухай саналтгүй юм. Шоронгийн түүхэнд нийт 36 хоригдол 14 удаа оргохыг завдсан ч тэдний 23 нь баригдаж, найман хоригдол зугатаж байхдаа усанд живэх, осолдох зэргээр амь үрэгдсэн байна. Харин 1962 онд банк дээрэмдсэн хэргээр ял эдэлж байсан Фрэнк Ли Моррис болон ах дүү Кларенс Англин, Жон Англин нар ор сураггүй алга болжээ. Тэд хоолны халбагаар өрөм хийн өрөөнийхөө бетон ханыг цоолж, хананы арын нарийхан зайд нууц газар байгуулан зугтахад хэрэгтэй эд зүйлсээ нууж байсан байна. Оргохдоо орон дээрээ хүний хэлбэртэй дүрс байрлуулаад хөнжлөөр хучиж үлдээсэн байжээ. 1979 онд Холбооны мөрдөх товчоо тэднийг оргож явахдаа далайн усанд живж амиа алдсан гэж мэдэгдэн хэргийг хаасан ч тэднийг амьд гарсан гэсэн цуу яриа, таамаг яригдсаар байжээ. Энэ үйл явдлаар сэдэвлэн Холливүүдэд 1979 онд “Escape from Alcatraz” нэртэй кино бүтээж нэрт жүжигчин Клинт Иствүүд гол дүрд нь тоглосон нь шоронгийн жанрын сонгодог бүтээл болсон гэж тооцогддог. Мөн 1996 онд "The Rock" нэртэй кино гарсан нь шилдэг сайн киноны тоонд ордог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.